Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Би ч бас тэдний л нэг
Бодол, хүсэл мөрөөдөл нь өөр өөр тэднийг
Бороо гэгч л гагцхүү нэгтгэж байх шиг
Улаан шүхэртэй бүсгүй инээмсэглэн алхаж байх юм
Ухаангуй дурлаж дээ хөл нь хөнгөн сэтгэл нь дэврүүн байна
Урдах залуу нь харин уцаарлангүй алхаж байна
Уур нь хүрсэн байхад бороо улам тээртэй санагдаж байгаа бололтой
Цэнхэр шүхэртэй эмээ яаран алаж байна
Цээжинд нь нэгэн зүйл тээглээд давчидаад байна уу гэлтэй
Цагаан даашинзтай охин нулимс дуслуулж байх юм
Цаг зуурын дурлал сэтгэлийг нь өвтгөө юм болов уу
Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Бодвол тэд өнгө өнгийн зовнил, өнгө өнгийн жаргалыг
Өөрөө бас өрөөлд зориулсан тээж яваа байх
Аадар бороо шаагиж байгааг анзаараагүй мэт нэгэн байхад
Асгарах борооноос хоргодон нөмөр бараадах нэгэн байх юм
Алаг эрээн шүхэр дунд төөрөх нэгэн байхад
Амьд эрдэнэ өөрийгөө мартах нэгэн байх юм
Сааралтан харагдах тэнгэр мэт цээжинд гуниг хургаад
Борооны үүл шиг нүргэлэн хүйт даасан нэгэн байхад
Нартай борооны дусал шиг гялтагнан гэрэлтэж
Нүдэнд нь жаргалын мишээл тодрох нэгэн ч бас байна
Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Бодвол би ч бас тэдний нэг .......

No comments:
Post a Comment