Намрын бүүдгэр үүлсээс шиврэн асгарах бороон дуслууд цонх тогшин сэрээхэд цонхоор ширтэн харлаа. Өнгө өнгийн навчсаар мөчир бүрээ чимсэн модод асгаран орох бороог яг л алгаа тосон угтан авах мэт. Эцэс төгсгөл нь хаана орших нь үл мэдэгдэм саарал гудмаар инээд хөөр цангинаж, гүйлдэх одох залуусыг хөлөөр бороон ус үсчинэ.
Яг л ийм нэг намрын өдөр би чинийхээ зөөлөн гараас атган хөлөөрөө ус үсчүүлэн хаачхаа мэдэхгүй гүйхдээ би хичнээн дэвэргэн бас ямар жаргалтай байснаа одоо хир нь мартдаггүй юм. Моддын мөчрөөс дуслах бороон дуслууд хацрыг минь илбэн, навчсын чийглэг үнэр сэтгэлийг минь хөглөсөн тийм л уран зураг шиг дэнлүү үзэсгэлэнтэй намрын өдөр.
Чинийхээ нүд рүү ширтхэд яг л ертөнцийн түмэн зүйлс чухал биш мэт болж чинийхээ цээжинд тэврүүлхэд хэзээ ч нурашгүй хана хэрмээр хамгаалуулсан мэт жаргалтай дэндүү жаргалтай болдогсон.
Тэр л жаргалтай дэвэргэн бодол намайг өнөөх урт гудамруу хөтлөн авчирсаар нэг мэдэхнээ чиний тухай бодол бид хоёр урт замыг туулсан байх юм. Бидний хайранд ч бас өвөл байжээ. Үүрд зунаараа байх мэт санадаг байсан тэр хайранд минь хэзээнээс цасаар шуурч, чиний минь сэтгэлд хүйтэн жавар хургасныг би одооно хүртэл мэддэгүй юм. Нэг л өдөр чи минь энэ улиран өнгөрч буй намар шиг гуниг даллан нүүдлийн шувууд шиг нисэн одсон. Тэр л мөчөөс миний сэтгэлийн нуур эзгүйрч хоосон тэр орон зай руу хүйтэн салхи үлээх болж дээ. Тэр л жихүүн намрын орой чи миний сэтгэлд өвлийг авчирсан. Харин тэр өвөл одоо хэдийнэ миний сэтгэлд олоон жилийг үдэж. Яг л тэр мөчөөс хойш зүрхний минь орон зай хүйтэн амьсгалаар үлээх болж.
Гэсэн ч нэг л сайхан нартай өглөө хөлдсөн газар гэсэн шинэхэн ногооны үнэр сэтгэлд хөг эгшиглүүлэнэ. Зүрхэнд хавар ирнэ. Шинэ дурлал хаалга тогшино.

No comments:
Post a Comment