Monday, July 30, 2012

Зураад л байвал сураад л байна гэсэн үг үү/Хамгийн анх харандаа барьж үзсэн зураг минь болохоор хайртай байдаг юм/



Эрвээхэй

Талын монгол

Шүхэр


Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Би ч бас тэдний л нэг
Бодол, хүсэл мөрөөдөл нь өөр өөр тэднийг
Бороо гэгч л гагцхүү нэгтгэж байх шиг
Улаан шүхэртэй бүсгүй инээмсэглэн алхаж байх юм
Ухаангуй дурлаж дээ хөл нь хөнгөн сэтгэл нь дэврүүн байна
Урдах залуу нь харин уцаарлангүй алхаж байна
Уур нь хүрсэн байхад бороо улам тээртэй санагдаж байгаа бололтой
Цэнхэр шүхэртэй эмээ яаран алаж байна
Цээжинд нь нэгэн зүйл тээглээд  давчидаад байна уу гэлтэй
Цагаан даашинзтай охин нулимс дуслуулж байх юм
Цаг зуурын дурлал сэтгэлийг нь өвтгөө юм болов уу

Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Бодвол тэд өнгө өнгийн зовнил, өнгө өнгийн жаргалыг
Өөрөө бас өрөөлд зориулсан тээж яваа байх
Аадар бороо шаагиж байгааг анзаараагүй мэт нэгэн байхад
Асгарах борооноос хоргодон нөмөр бараадах нэгэн байх юм
Алаг эрээн шүхэр дунд төөрөх нэгэн байхад
Амьд эрдэнэ өөрийгөө мартах нэгэн байх юм
Сааралтан харагдах тэнгэр мэт цээжинд гуниг хургаад
Борооны үүл шиг нүргэлэн хүйт даасан нэгэн байхад
Нартай борооны дусал шиг гялтагнан гэрэлтэж
Нүдэнд нь жаргалын мишээл тодрох нэгэн ч бас байна
Бороотой гудмаар өнгө өнгийн шүхэр алхаж байна
Бодвол би ч бас тэдний нэг .......

Sunday, July 29, 2012

Тэрлэнэ

Сэдэв олдвол шүлэг тэрлэнэ
Сэтгэл олдвол нөхөрлөл тэрлэнэ
Сэрүүн олдвол мөрөөдөл тэрлэнэ
Сэргэж орхивол дурсамж тэрлэнэ
Хайр тэрлэнэ, дурлал тэрлэнэ
Хагацал тэрлэнэ, гуниг тэрлэнэ
Бодрол тэрлэнэ, боломж тэрлэнэ
Хүсэл тэрлэнэ, хүүрнэл тэрлэнэ
Зав гарвал шүлэг тэрлэнэ
Завсар гарвал жаргал тэрлэнэ
Би үзэг барьсан холын аялагч 

Үзгэнд минь амилсан тэр бүсгүй


Бүсгүй хүн атлаа би бүсгүй хүнийг магтах дуртай
Эрх танхил энхрий зөөлөн
Бүсгүй хүнийг шүлэглэх дуртай
Үзгэнд минь амьлаж тэр бүсгүй
Үзэсгэлэн гоо туяалздаг юм
Үзэмжийн тансаг инээмсэглэлд
Өнгөт хорвоо туяардаг юм
Сүмбэн цагаан туяхан хурууг нь магтан би шүлэглэсэн юм
Сүүн цагаан царайг нь шүтэн би шүлэглэсэн юм
Мэлтрэн урсах хархан үсийг нь би зурагласан юм
Мэлмэрэх дөлгөөн харцыг нь догдлон найрагласан юм
Бүсгүй хүн атлаа би бүсгүй хүнийг магтах дуртай
Бяцхан зүрх нь эмзэг учраас шархалж гунихдаа тэд амархан байдаг юм
Булбрай бие нь энхрий болохоор хатуу бүхнээс хамгаалуулж явдаг юм
Буурал түүхийг хярууг унагааж харцанд нь гуниг хуруулахгүй гэсэндээ
Бусгүй хүнийг би шүлэглэх дуртай
Уул шиг нөмөртэй уужим сэтгэлт эр хүн та минь
Ухаан юундаа тэднийг хайраар дүүргэж
Урьхан сэтгэлд нь гунигын сүүдэр битгий тусгаач гэсэндээ
Турхан биенд нь бараан толбо бүү үлдээгээч гэсэндээ
Бүсгүй хүнийг шүлэглэх дуртай байдаг юм би
Гэнэн болохоороо эмэгтэй хүн итгэмтгий байдаг юм
Гэмтэн болгож түүнийг бүү буруутгаач
Гандаж бууралтах хөгжин униарт хадагдаж биш
Ганцхан түүнийг бүсгүй хүнийг хайрлаач

  

Найман сарын бороон дусал



Топ топ топ .... Бороошсоор л. Энэ зун хур ихтэй сайхан зун байхнээ.
Хөгжилтэй бороон бяцхан дуслууд цонх тогшоод л. Хөл дээр минь, мөрөн дээр минь, шүхэр дээр минь дуслаад л дуслаад л. Үсчин үсчин очрох тэр бяцхан дуслуудыг харахдаа бороо орохоор яагаад хүний сэтгэл гунигт автдаг юм болоо хэмээн бодлоо. Эх дэлхий минь сааралтан эгээ л уйлагнаж буй мэт харагддаг болохоор тэгдэг байхдаа.
Надад харин гар гараасаа хөтлөлцөн гүйлдэх хосууд, ус үсчүүлэн буй хүүхдүүд, бороонд инээмсэглэн алхаж буй залуу бүсгүй, хүдэр залуу их л аз жаргалтай харагдах юм. Би ч мөн адил эгээ л бяцхан охин шиг сэтгэл хөөрөөд яагаад ч юм өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Би бороонд дуртай. Усан бороо зусагнан орох нь хэцүү байдаг ч борооны дараах чийглэг үнэр, хорвоо дэлхий өнгөө засан гялбах нь хичнээн сайхан санагддаг гээч. Тэр тусам би найман сарын бороон дуслуудад бүр ч их хайртай. Эгээ л надтай адил сэргэлэн тэр дуслууд надад эрч хүч, урам зориг, амьдралд итгэх итгэл бэлэглэдэг юм. Басхүү гэгээн, дэврүүн дурсамжуудыг минь.
Би гэдэг хүн тэртээх 22 жилийн өмнөх найман сард хорвоогын амьд бурхадын нэгнээс тасран унасан бороон бяцхан дусал болохоор би бороонд хайртай.

Ажилаа гэж ийм юм хийгээд л

Ажилаа гэж ийм юм бичээд л

1.                              Наран хурган саатан амирлах эх орноо
Наашаа гэх бүхнээс харамлахдаа хөх тэнгэрээсээ хүч авсан
Найман зовхист мэдээлэл түгээх их үүргээ
Нэгдэн нийлэх их хүчээр цогцлоон бүтээх
Уужим хөх тэнгэр хүчит Монгол компани
Улам илүү хүрээгээ тэлсээр

2.      Мандан бадралыг бэлэгдэж хөх тэнгэрээ шүтмүй
Магад үнэнийг шүтэж алтан нараа дээдэлмүй
Мөнхөд оршихыг бэлэгдэж мөрөн голоо бишэрмүй
Монгол туурагт хэрэглэгч түмнээ хамгийн дээдэд хүндлэмүй
Миний эх орон эвийн хүчээр нэгдэж
Миний эх орон гэрлийн хурдаар хөгжиж
Мэдээллийн их зуунд далбаа нь болон урагшлах
Мэлмий суут сонголт Ухаалаг байхыг уриалмуй 

Хараач аз жаргал алхаж явна


Хараач аз жаргал алхаж явна
Гар гараасаа хөтлөлцөөд
Харц харцаараа уусалцаад
Бие биесээ мэдрэлцээд
Зүрх зүрхээрээ ширтэлцээд
Аадар бороог үл ажран
Аз жаргал алхаж явна
Аниргүйхэн харцаараа зүрхээ нэгтгэн
Аз жаргал алхаж явна
Бүүдгэр хорвоог өнгөт нүдээр ширтэж
Бүлээхэн уруулаар хатуу бүхнийг уусгаж
Бие биесдээ уусан нэгдээд
Бяцхан зүрхэндээ хайрыг тээсэн
Аз жаргал алхаж явна 

Инээмсэглэл бүрийн цаана аз жаргал нуугдаж байдаг



Мод

Анзаараагүй өнгөрдөг ч бидний дор ертөнц байна




Аниа би танд хамгийн сайхан цэцгийг бэлэглэе

Улаан даашинзтай бүсгүй


Усан бороо цутгаж  хорвоо өнгөө засна
Улаан даашинзтай бүсгүй шүхэр барин гүйнэ
Урт даашинзны хормойд ус үсчин бүжнэ
Улаан гутлын өсгийнд хөг аялгуу бүдчинэ
Улаан даашинзтай бүсгүй усан бороонд гүйнэ
Бороон чимээнд цаг хугацаа амирлаж
Бодол дотор улаан даашинзтай бүсгүй
Урт даашинзны хормойд ус үсчин бүжнэ
Улаан гутлын өсгийнд хөг аялгуу бүдчинэ 

Болзоо


Бороон дунд шүхэртэй зогсож
Болзоо хүлээнэ сэтгэл дотороо
Бяцхан дуслуудыг хөлөөрөө үсчүүлэн
Буудлын зүг харцаараа тэнүүчилнэ
Гарын алгаар усан дуслыг тосч
Гэрэлтэх царайгаар бүүдгэр өдрийг гийгүүлж
Шүхэрт тосох аадар бороог намжааж
Сэтгэл дотороо өөрийн ханхүүг зураглана
Бороон дунд шүхэртэй зогсож
Болзоот залуугаа нүд алдан хүлээнэ 

Мэдэрч байна уу аялгуу урсаж байна


Мэдэрч байна уу аялгуу урсаж байна 
Мэлтрэх харцнаас хайр мэлмэрч байна 
Энгэр цээжнээс хүсэл бадарч байна 
Ятгын эгшгэнд зүрх бүжиж байна 
Хурын амттай хүсэл цутгаж байна 
Хуурын аястай бадрал огшиж байна 
Хүслийн өнгөтэй гал дүрэлзэж байна 
Хүлгийн жолоогүй бадамнал шатаж байна 
Хүмүүний заяанд хайр живж байна 
Цэцэгсийн үнэртэй биед шүргэж байна 
Цагаан сувдан огшил асгарч байна 

Мэдэрч байна уу аялгуу урсаж байна 


Чи дурлахгүйгээр намайг үнссэн 
Чи дурсахгүйгээр надаас холдсон 
Чи дасахгүйгээр надад эрхэлсэн 
Чи даанч холын зураглал байсан 

Би мэдсэн ч чамд үнсүүлсэн
Би мэдэрсэн ч чамд дассан 
Би холдсон чамайг хүлээсэн 
Би гунисан ч нулимсаа залгисан 

Чи хүүхэлдэйгээр тоглодог залуу байж
Би хүүхэд хэвээрээ бүсгүй байж 
Үлгэр бүхэн сайхан төгсөдөг
Үүнийг л би сонсож өссөн

Чи зам зуурын аялагч байж 
Би зохиол бичих найрагч байж 
Аялал бүхэнд төгсгөл байдаг 
Ахиад нэгнийг бүү зовоогоорой 

Будагтай бүсгүй


Бүлээн цустай залууг харцаараа эзэмдэж 
Бүтэн сартай шөнийг хүслээрээ зөөллөж
Бүүдгэр манант хорвоод туяа нэмэх гэж 
Бүсгүй чи нүдээ тодруулан будаа юу 

Улаан цустай залууг уруулаараа уриалж 
Уйхлах шөнийн харанхуйг тайвшруулж 
Утаат бүрхэг хорвоод гэрэл нэмэх гэж 
Уруулаа будаа юу бүсгүй чи 

Өндөр өсгийн доор эрийн зүрхийг донсолгож 
Өлмий доороо түүх цэцгийн баглааг бүтээж 
Өөрийг минь л хайрла гэж 
Өнгөт орчлонд мэндлээ юу 

Нүцгэн шөнө



































Энгэр султайдаа эхээс төрсөн энэ биеэрээ чамд уусаж 
Эгэлгүй бүхнээ зөвхөн чиний өмнө нээгээгүй ээ чи ойлго 
Цээжийг чинь даган урсах гэзэг минь хүртэл чамаас ичингүйрч 
Гэмгүйхэн гэрэвшиж харц буруулж байсан ч чамдаа бүхнээ өгсөн 


Чамаас минь ирэх хайр бүхнийг мэдэрч 
Чиний биенд уусан шингэе гэсэндээ
Цээж нүцгэн  энгэрт чинь  наалдан эрхэлж
Чинийх хэмээн зүрхэндээ шивнэсийм 


Эгэлгүй тансаг шөнийн зураглал чи биднийх л байсан 
Энхрий ялдам үнсэлт бүхэн минийх л байсан 
Энэ бие минь бүхэлдээ чинийх л байсан 
Эмнэг хангал эр зүрх чинийх л байсан 


Намайг чамд уусгах халуун баланд умартахдаа 
Нялуун үсч чихэнд чинь шивнэхдээ
Нууцхан хайр бэдэрч тэнүүчлэн хэссэн
Нүцгэн шөнө биднийх л байсан 

Юунд санаашрана вэ бүсгүй минь


Юунд санаашрана вэ сайхан бүсгүй минь 

Хуурамч хайр зүрхээр чинь тоглож  
Хүйтэн сэтгэл хацрыг чинь дааруулав уу 
Хөндий үгс цээжинд чинь хургаж 
Хоосон бүхэн чамайг зовооно уу

Юунд бодлогширно вэ хөөрхөн бүсгүй минь 

Зөрөөд өнгөрөх учрал төдийд дасч 
Зөвхөн түүнийг л хайраа гэж найдав уу
Зөөлөн сэтгэл чинь нялуун үгсэнд уярч 
Зөрүүдхэн зан чинь уусан шингэв үү

Одоо хангалттай нархан минь 
Орноосоо бос, нулимсаа арч 
Цонхоо нээ, нарыг дууд 
Уруулаа буд инээмсэглэл тодруул
Уудам орчлонд түүнийгээ бэлэглэ 

Бүрхэг тэнгэрт нарыг бэлэглэ
Бүүдгэр хорвоод гэрлийг бэлэглэ
Бүлээн хайранд итгэл бэлэглэ
Бүтэхгүй дурлалд жолоо бэлэглэ

Өндөр өсгийт, тансаг үнэрт 
Өнгөлөг царай, улаахан уруул
Оч цацраах одлог харц 
Одоо чамд бүгд бий 




Энхрий


Дэгжин бүсгүй яг л эрвээхэй шиг 
Дэргэдүүр салхи татуулан өнгөрнө 
Дэргэд нь зүрх хурган өнжинө 
Дэндүү танхил дэгжин бүсгүй 

Ганган бүсгүй яг л цэцэгс шиг 
Гаднаа нүд гялбуулан гэрэлтэж 
Гадаанаа зогсоох зүрх хулгайлагч 
Гарцаагүй хайр татах энхрий бүсгүй 

Тал дүүрэн цэцэгс байвч 
Талбай дээгүүр эрвээхэйнүүд нисэвч 
Тайван байлгалгүй зүрхийг зовоогч 
Тансаг гэнэхэн эгэлгүй нэгэн

Би зүрхэн дээр бүжиглэгч





















Би зүрхэн дээр бүжиглэгч 


Танго бүжгийн ая зүрхний минь хэмнэлд
Танихгүй залуугын инээмсэглэл цээжин дээр минь 
Тансаг үнэрт мансууран тэнэхүйяа 
Тайван байлгалгүй сээтэн хаях 
Танхил басхүү очирдог гал 
Би зүрхэн дээр бүжиглэгч 


Гал улаан сарнай амандаа зуун 
Галууруулах харцаар төөнүүлнэ 
Гэсэн ч шатахгүй ээ залуу минь
Ганцхан чи эзэмдэхийг хүсэгч биш 
Би зүрхэн дээр бүжиглэгч 


Гутлын өсгий сэтгэл дундуур чинь туучиж 
Сэтгэл дотор чинь шөнөжин ээрэвч 
Ганган залуу чинийх болохгүй 
Гандан буурахгүй бүжигчин би 
Би зүрхэн дээр бүжиглэгч 







Хамгийн ялдам бүсгүй миний ижий


















Хамгийн сайхан бүсгүй миний ижий
Хайранд нь бурхад чуулж
Харцанд нь одод гэрэлтэж
Энгэрт нь наран манддаг юм тэр л бүсгүйн
Хамгийн сайхан бүсгүй миний ижий

Хамгийн дулаахан өвөр ижийд минь байдаг юм
Хүйтэн өдөр сэтгэл гундуухан явахдаа
Хайранд нь дулаацаж өвөрт нь эрхэлдэг юм
Хатуу хэцүү амьдарлын бэрх бүхнийг
Халуун энгэртээ хайлуулан зөөллөдөг юм

Хамгийн сайхан инээмсэглэл ижийд минь байдаг юм
Харанхуйгаас эмээн нүдэндээ нулимас түүх нялх балчраас минь
Хатан ухаанаас ухаан төрүүлэх хүртэл
Хадтай чулуутай бүхий л хоног өдрийг
Хамгийн сайхан инээмсэглэл зөөллөж байдаг юм

Хамгийн зөөлөн гар ижийд минь байдаг юм
Хайрандаа бүүвэйлэх зөөлөн дуундаа
Хар дарсан зүүд үргээн хацрыг минь илж
Хайрын сэтгэлээс ургах хайрыг арчлан тордох
Хамгийн зөөлөн гар ижийд минь байдаг юм

Хамгийн ялдам бүсгүй миний ижий
Ямархан сэтгэл хургаж огшоод
Ялгуун инээдэнд нь хорогдон үлдэх
Ялдам инээдэнд нь наран мишээх
Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй миний ижий

Аз жаргал чамайг өнгөөр будахсан

Аз жаргал чамайг өнгөөр будахсан
Альхан өнгө уусан чамд шингэх бол
Аадар борооны дуслаас зугтан
Амраг хархүүдээ хөтлүүлэн гүйхдээ
Алтан нарыг нүүрэндээ тодруулан
Айлгүйтэн мишээсэн сааралхан мишээл

Аз жаргал чамайг өнгөөр будахсан
Альхан өнгө чамайг тод чимэх бол
Нуурын ус шиг дөлгөөхөн ижийгээ
Нуруундаа үүрээд хорвоог тойрохгүй ч гэлээ
Нөмөр нөөлөг энгэрт нь эрхлэн
Налж хэвтээд үнсүүлэн эрхлэх шаргалхан мишээл

Аз жаргал чамайг өнгөөр будахсан
Альхан өнгө чамайг тод чимэх бол
Бардамхан бүсгүйн хүсэл шингэх мөрөөдөлдөө
Бадамлан тэмүүлж, огшин оргилж
Бартаат замыг туулах хүслээ
Бадраан хурцлах улаахан мишээл

Аз жаргал чамайг өнгөөр будахсан
Альхан өнгө чамд уусан шингэх бол....

Даншгийн манлай унасан явган аялагч

“Ээ даншгийн манлай унсан охиныг хараач дээ. Ингэж байхаар явган алхсан нь дээр” гэж хэлэхийг сонсоод уур хүрсэн би эргэж харлаа. Харахнээ 2 жоохон хүү байх юм. Би ч та 2 сая юу гэж хэлсэн бэ гээд л асуулаа. Эгчээ наад морь чинь даншиг наадамд олон түрүүлсэн хурдан морь ш дээ. Та цогтоо ахыг таньдаг юм уу гэж асуухад нь би ичсэн нэрэндээ “аан” гэхээс өөр юм хэлсэнгүй. Үнэндээ энэ жилийн наадмаар анх удаагаа морь унаж наадмын талбай дээгүүр явж байгаа нь энэ. Танилын нүүр халуун гэгчээр найзыхаа унаж явсан морийг нь уная гэж зүтгээд мордуулж сажилж яваа нь энэ л дээ. Би гэдэг хүн ажнайн дэлэнд дэрвэж нтр гэж маазарч л явсан болохоос хурдан хүлэг байтугай номхон ноолой амьтаны нуруун дээр ч мордож үзээгүй хүн. За тэгээд л нөгөө морио унах нэртэй нуруун дээр нь мордчихоод л сажлууллаа даа. Эрх биш жолоо, чулбуур, амийг нь сул тавь нтрхэнээ мэдэх би нэлээн явж байгаад буцах санаатай жолоогоо эргүүллээ. Амийг нь жоохон сул тавихаар л шогшох гээд л болоогүй ээ давхичих гээд байсан өнөөх хүлэг минь миний ч үгэнд орсонгүй дээ. Жолоогоо булаагаад дургуй нь хүрвэл булгичих гээд намайгаа ч хөөрхөн дээрлэхэчихэж байгаа юм. Би ч унаж байснаас сууж байсан нь дээр гээд зуураад л суухаас өөр яахав. Ингэж явсаар ч нэлээн хол зай тууллаа. Сүүлдээ буугаад хөтлөөд алхахнээ нэг хүү ” Эгчээ би танийг хөтлөөд явах уу” гэнэ. Би ч дуртайяаа “тэгээч, тэгвэл их л сайн байна. Зөөлөн явна шүү харин” л гэв. За тэгээд жолоочтой мориндоо мордлоо доо. Өнөөх хүү эгчээ би танийг хөтлөөд давхина Та харин дөрөөн дээрээ жийгээд босоод яваарай гэв. Би ч айсандаа уйлах шахаж байсан ч унаж байснаас гэж бодоод хэлснээр нь босч зогслоо. Хамаг зүрх дэлсэх шахаад нүдээ аниад давхилаа. Жолооч хүү ч сайн чиглүүлж байв. Унаж явсан хүлэгээсээ буугаад харахнээ нуруун дээрээ хээрийн салхи үл тогтоох хурдан ажнай ингмээрсэндээ гэсэн аятай дүүхэлзэнэ. 
Буугаад унаж явсан хүлэгээ, ирж явсан замаа харахдаа монгол хүн байж зүрх зориг нь хаачаад унах унаанаасаа айж, адгуус амьтанд дээрэлхүүлж байдаг. Ийм хиймортой амьтанг сажлуулж явснаа морь унаж байна гэж бодож байсандээ ичих шиг болов. Хотын залуус бид партай байшинд паалантай 00-д орохдоо эх орны минь хээр талд ямар эрх чөлөө, хээрийн салхины үнэр морин дэл дээр сэнгэнэж явдагыг мартаж эгээ л цирк паркаас морь малаа олж үзэх дээрээ тулж дээ гэж бодсийм. Ай явган аялагчаа гэж 

Чи намайг гэхэд миний хайр дуусна

Хайр гэдэг инээдтэй зүйл шүү. Би түүнд хайртай. Хайртай ч гэж дээ үнэндээ шалтгаан нь тэр намайг тоодоггүй л байна. Учир нь тэр ч бас өөрийг нь тоодоггүй хэн нэгнээр хайрлуулах гээд завгүй харайлгаж яваа. Би түүнийг гээд тэр намайг гэсэн бол гээд бодохнээ тийм зүйл болоогүй нь ч сайхан юм шиг.  Хэрэв тэгсэн бол өнөөх л миний амьдралд өчнөөн гарч ирж үлгэр домог яриад явдаг хүмсүүд шиг болох байсан байх. Үнэндээ би гологдхоор царай муутай, эсвэл адайр ааштай нэгэн биш л санагдана. Юу нь болохгүй болоод гэж их л боддог байж. Харин тэр л өдөр шатгааныг нь ойлгож билээ. Тийм удаан хугацааны дараа тэгтлээ удаан хүлээж байж… Гэхдээ түүнээс салаад ажил руу явахдаа зам зуураа өөрөө өөрөөсөө яагаад аз жаргалгүй байгаагаа, юу дутаад байгааг нь бэдэрч хайсаар бодлогширсоор л байсан. Охин минь дээ чи энэ л өдрийг удаан хүлээсэн, чи зүгээр л инээгээд л эрхлээд л наалдах эрхтэй. Гэсэн ч тэр удаан хүлээлт дунд итгэл найдвар минь зул шиг бөхөж, цөл газар бороо орохгүй гэдэгт гүн итгэсэн байсан бололтой. Гагц өөрөө өөртөө бат итгүүлсэн би түүнд хайртай тэр надад хайргүй гэсэн бодол хурц үзүүртэй зүйлээр сийлээд хаясан мэт тод бүр маш тодоор харагдана.  За ингээд нөгөө хүлээж ирсэн дурлал дууссан даа. Одоо үнэндээ түүнийг гэх сэтгэл надаас шавхаад ч гарахгүй. Магадгүй чи эртхэн намайг гэсэн бол миний хайр зул шиг бөхөөд нүдээ аниад өнгрүүлсэн олон сайхан залуу дундаас чамаас сайхантай нь учрах байсан болов уу….
Бүсгүй хүн гэдэг амьтан өөрийг нь инээлгэж буй хэн нэгнээс илүү уйлуулж буйд нь соронзон мэт татагддагаас хойш.  

Төөрсөн тэмцэл

“Тоглоомоо булаацалдаж байгаа хүүхэд шиг зан гаргаад яахав дээ. Та нар чинь зөндөө том болсон эрчүүд шүү дээ”. Намайг ингэж хэлвэл захаас нь эхлээд элэглэж шоолох нэгэн мундахгүй дээ. Гэтэл эр бие нь уул шиг сунайсан, эрэмгий ухаан нь далай шиг мэлтэлзсэн эрчүүд минь дээ үс урттай надаасаа л муу сэтгэв гэж дээ. Нэг идүүрээс хоол хороож нэг талханы 2 захаас нь мэрж байж хоорондоо хэн нь олж ирсэн, хэн нь ахиу идэх ёстой гэж маргах хооронд өлөн нүдээ эргэлдүүлсэн шүдээ хурцалсан бусад нь харх шиг дуугуйхан мөлхөж ирээд идүүрээс нь хороогоод байгааг үл анзаарна. Уг нь өөрийн хоолоо цааш нь тавиад хамтдаа нийлээд бусдын хоолыг булаавал овоохон хувьтай үлдэх л харагдах юм. Монгол хүн л болсон хойно тамын тогоо шиг амьдралд нь илүү хайртай байдаг юм байлгүй дээ. 
Ингэж бодоод л хэвтэж байхдаа бодлоо. Би гэдэг хүн хоёр уулын бар тэмцэлдэхийг холоос хараад л толгой сэгсэрэх хөгшин мод шиг л байх юм. Ээ та нар минь хүүхэд биш дээ яах гэж нэгнээ гэж бодогдхий. Гэвч  бүгд л адилхан юм даа. Хүний юм шимтэй санагдаад дэргэдээ байгаа нэгэнтэйгээ л өрсөлдөж, дэргэдээ байгаа нэгэндээ л ихэрхэнэ. Сонгуулийн их шуурганаар Их Монгол улс яагаад ингэж явааг батлах шиг л боллоо. Баасны яла шиг л бөгс өндийх төдийд нэг нэгэн рүүгээ өт цацаж, мууг нь үзэж гүндүүгүй монгол эр хов хөөж хэрүүл эрнэ.  Гэтэл хорвоо ертөнц уужим хийх ажил их л байлтай. Монгол хүний тал шиг нь уужим сэтгэлд хажуу нөхрөө багтаагаад хамтдаа нийлээд хүчийг үзэх сэтгэл байдаг л байлтай. Чиний бөгс унвал миний бөгс багтана гэхийн оронд том зургаар хараад бодвол уг нь.. Дагуулж яваа нь нүдээ нээж суудлаа олоод дагаж яваа нь сонороо тэлж алхаагаа тааруулах юмсандаа 
Бодол дотор минь саарал будан хөшилдөн татаад
Босож суугаа, бодож ярихаа мэдэхээ байжээ би
Ганцаардаж байгаан байлгүйдээ бодохнээ би
Гартаа үзэгнээс өөр, чихэндээ хөгжимнөөс өөр ханьгүй болжээ
Бүсгүй хүн бардам байх ёстой, даруу байх хэрэгтэй л гэнэ хэн зохиосым
БҮгд л бүдгэрсээр алга болно ялгаагүй л хоосон шүү дээ
Бид бүгд л хоосныг мэдэрдэг, нэрлэж түүнийгээ тодотгодог
Бас л бие биендээ зохиол бичиж түүндээ тоглодог
Үхэх амьдрахын хооронд ямар ялгаа байна
Өөрийгөө бэдэрж хайхын хэрэг юу байна
Би инээмээр байна хэн нэгэн муулаг
Би дуулмаар байна хэн нэгэн уурлаг
Буцаад нисэх шувуу шиг одохоос хойш
Бусдын төлөө амьдарч би яалтай
Намайг гээсэй гэж инээх хүсэл надад алга
Надад итгэ гэж хүчээр тулгах бодол алга
Амьсгалж, дуулж, үхэх сэхэхээ өөрөө шийдий
Ахиад надад битий садаа бол би гуйя
Түүнд би хайрлуулмаар байсан он жилүүд хичнээн харамсалтай
Түүн рүү үргэлж ширтэж харц минь бодлоосоо зугтаж
Тэврийг нь үргэлж санаж хүсэл минь ухаанаасаа зөрж
Тэвдэж сандрах, тэмүүлэх бэдрэх ганц шалтгаан чи л болж байсан ч
Тийм олон жил урсан одсоныг би мэдсэнгүй
Минийх биш тэврийн төлөө би өөртөө үнэнч байж
Магад түүнийгээ хайр гэж шүтэж байсан ч
Маргаагүй ээ энэ ганц шөнөөр дуусах ёстой
Маргааш өглөө нь нүдээ аниад би орхих ёстой
Тэгтлээ хүлээсэн тэвэр чинь хүйтэн уруул чинь хуурай
Тэмүүлж хүлээсэн тэр шөнө хуурамч байсан
Тэнэгхэн гэж дуудахаа боль би гуйя
Тийм удаан найз чинь байсандаа би одоо ч дургүй
Сайн найз минь гэж хэлэх үгэнд чинь би дургүй
Магад энэ шөнийн дараа чи намайг
Мартаад өнгөрнө олон охид дундаа
Хөнгөн хийсвэр явдалтайгаар минь дуудаж
Хэн нэгэнд гайхуулан ярина би үгүйсгэхгүй
Минийх л гэж харамласан он жилүүдийг чи мэдэхгүй
Хуурахгүй гэж өөрийгөө хуурсан цаг хугацааг чи төсөөлөхгүй
Хүйтэн шөнийн дурсамж л байхад болно
Хөшиг хаагдаж жүжиг дуусахыг би хүснэ
Хайр гэсэн дурсамж болон үүрд үлдээгээд
Харахгүй юмсан гэж амьдархыг хүснэ үхэн үхтэлээ

Уйлмаар

Уйлмаар санагдаж бачууравч нулимас хатаж дуусчээ
Ухаан самууран алхахыг хүссэн ч
Уух хүсэл унтарчээ
Ухаантэй юм аа залуу чи
Ухаантай ч гэж дээ
Ухаан чинь сэтгэлээ дарахаа байсан
Өндөр тайзны жүжигчин байж
Урд эгнээнд суугаа надад
Урьтаж олдохгүй баатар байж
Инээх чинь ёжтой юм
Ингээд л дурлана гэж бодоогүй биз
Харах чинь хачирхалтай байна
Хайр аа
Хайртай гэхээр үзэгчид дуртай байна уу
Хайртай гэхээр арын эгнээ дүүрэн байна уу
Харц хаялах бүхэн чамд инээдтэй санагдаж
Хоосон дүрэндээ итгэж толины тусгалд дурлаж сууна уу
Тэгнээ залуу минь чи сайхан баатар Т
эгсэн хэрнээ хуурамч багт
Түүгээр барахгүй яруу найрагч
Яасан уянгалаг шүлэг вэ чихэн дээр минь
Яагаад ч харцанд буухгүй мөрөөдөл байна
Ямархан зүрх уярч догдолохыг чи мэддэг бололтой
Яагаад чи дахиж хүсэхгүй байна уянгын тэр их халилыг
Намайг үгүйг чи анзаарахгүй л байх
Надгүй гээд арын эгнээ хоосрохгүй
Алга ташилт зогсохгүй
Залхаж байна чи өндөр тайзанд би урд талын суудалд
За магадгүй гарах хаалган дээр
Эцсийн удаа хоолойгоо зассан ч
Инээдэн дунд чинь сонсогдохгүй биз дон жуан минь

Би

Хасч болдоггүй урт даашинзанд хөл түүртэн
Хаяж болдоггүй хуурамч дурлалд сэтгэл түүртэн
Хөг нь алдсан хуучин лимбэ шиг тоос бургиулж
Хөлдөө угласан хуучин шаахай шигээ хазгай гишгэнэ

Гомдохдоо

Гомдхооро би уйлдаг нүдэндээ биш зүрхэндээ
Ганцаардраахаа дуулдаг би амандаа биш сэтгэлдээ
Гутархаараа сэргэдэг би төрхөндөө биш хүсэлдээ
Гунхирхаараа санадаг би чамайг биш чиний тухай дурсамыг
Чи сэтгэл сэргээх хонхон цаг Чи гуниг даллах элсэн цаг
Чи тод атлаа бүдэг зураг
Чи үл бүдгэрэх дурсамж хөрөг

Өнчин

























Тоосонд дарагдсан хоосон сандал дээр өнчин ганц сарнай
Торойх юу ч үгүй эзэнгүй энд тодрон харагдана
Хэн ч билээ хэзээ ч билээ орхин одсон түүний 
Хорогдон үлдэх учир утга нь юундаа байгаа билээ 

Хөлийн чимээ чагнан хором тоолон хүлээхдээ 
Хөөрсөн сэтгэл хөнгөн инээмсэглэх тэр нэгэн залуугын 
Хөглөрөн унах хүлээх сэтгэлийг таслахгүшй гэсэндээ
Хөндий хоосонд горьдлого тээн орлон үлдсэн юм болов уу

Миний сэтгэлийн гүн рүү бүү шагай

Миний сэтгэлийн гүн рүү бүү шагай
Магад энд юу ч үгүй хоосон
Мансуурах бал мэт дурлалд шатаж
Манан мэт замхарсан сэтгэл л бий
Миний бодлын нууц руу бүү өнгий
Мартаж боломгүй сайхан мөчүүд
Магадгүй  чиний тухай дурсамж бий
Миний л энэ орон зайд
Миний хүслийг таах гэж бүү хичээ
Мөнх биш амьдралын нууцыг тайлах гэж
Мөрөдлөөр сэлүүрдсэн хоосон завь
Мөнөөх л би өөр хэн ч биш

Алхаж явна

Гудамжны шар гэрлээс өөр хань үгүй 
Гутлын чимээнээс өөр анир үгүй
Шарласан навчиснаас өөр чимэг үгүй 
Шалдарсан моддоос өөр эзэнгүй 
                               хов хоосон гудамжаар
Гутарсан сэтгэлээс өөр жолоогүй
Гудамж хэмжихээс өөр ажилгүй
Шархалсан зүрхнээс өөр зүйлгүй
Шантарсан сэтгэлээс өөр юу ч үгүй
                             би алхаж явна

Ганцаардал


Өвлийн шөнө тэнгэрт түм буман одод бужигнана. Тэд яг л асч буй галын оч мэт гэрэлтэж сарны сүүмгэр гэрэлд бие биесээ хөгжөөнө.  Яг л дурлалдаа автан хорвоо дээр өөр хэн ч байхгүй мэт баярлах  залуу хосууд мэт. Дэндүү жаргалтай.  Гэрэлтэн асах нь яг л сарны  бүүдгэр гэрлээс илүү тод асаж буй юм шиг.
Гэвч энэ намуухан шөнө өвлийн анир үгүй ойн чөлөөнд нэгэн сандал цасанд дарагдан байх нь   яг л хэзээ ирэх нь үл мэдэгдэх хэн нэгнийг хүлээх мэт. Түүн дээр сарны бүүдгэр гэрэл яльгүй тусч хөвсгөр цасан зөөлнөөр хаялана.Одоо түүнд өөртэй нь эгээ л ижил хөгшин улиас, хөгжилтэйгээр бужигнах оддын тосонцроос өөр хань болох хэн ч алга.
Нэг л сайхан өдөр тэрхүү ойн чөлөөнд хүүхдийн  инээд цангинж ганцаардсан сандал дурлалдаа шатсан залуу хосуудын дарс мэт нялуун үгсээр бялуурч, залуу насаа үдэж хоцорсон өвгөд хөгшидыг бүүвэйлэн суусан байхдаа. 
Сандал яг л нисэхийг хүсч… тэр очрон үсчих оддын зүг хөөрмөөр санагдавч……
Нэг л сайхан өдөр ойд хавар ирж шинэхэн ногооны анхилам үнэр хамар цочроон, шувууд зөвхөн өөрт нь зориулан чангаар бүүүр чангаар жиргэнэ гэдгийг мэддэг болохоор…
Нэг л  сайхан үдэш жаргах нарыг, хосуудын үнсэлтийг, хүүхдийн инээдийг, хөгшдийн хууч яриаг чагнана гэдгийг мэддэг болохоор  тэр аниргүй ойн бүүдгэр чөлөөнд мишээл тодруулана.

Үдлээд өнгөрөх 20 нас

Хорин нас минь чи надаас
Холдох гэж юунд ингэж яарнам
Хоёр олдохгүй ховорхон энэ амьдралд
Хөл тавих гэж юунд ингтэл зүтгэнэм
Айл гэр болж чулуу өрөн гэр босгосон ч 
Айлын гэргий болж гэрээ орхин өдөлж байсангүй 
Азтай мөрөөдлөөр ирээдүйгээ зураглаж байснаас 
Ажил хийж амьдрал босгож байсангүйээ
Үүрнээсээ өдлөөгүй бяцхан ангаахай шиг 
Үүрд би чамаас салалгүй зуурмаар байвч 
Үүрэглэх төдий урсан өнгөрөх цаг хугацаанд
Үдийн наран буцах адил 20 нас чамайг үдье
Хайр мөрөөдөн гүнжийн дүрд тоглосон ч 
Хагацал гэж юу байдгыг ч мэдээгүй 
Хүсэл мөрөөдлөө тодоос тод будсан ч 
Хүрэх зам нь хичнээн бартаатайг ойлгоогүй 
Хүүхэд гэнэн ааль, инээмсэглэл
Хорин нас минь аяа чи баяртай 
Нулимас унаган би чамайг үдэхгүйээ
Нууцхан хорогдон надаас бүү холдоорой 
Дурсамж хөглөн чамайг би дурсах учир 
Даруухан инээмсэглэн амжилт хүсээд надаас холддоо 
Хорин нас минь 

Бүсгүй хүн би


Хайр амсаж хайрлуулах гэж
Харц дээгүүр төрсийм бүсгүй хүн би
Залуусын харцанд бүдчих гэж би
Бардам төрсийм бүсгүй хүн би
Залуу чам руу хөнгөн инээмсэглэж
Зүггүй харцаа хэнэггүй чулуудан
Зоргоороо эрх чөлөөтэй гэрэлтэн
Залуухан бас халуухан амьдарна бүсгүй хүн би
Ээдрээт орчлонг зөөллөх гэж би
Энхэл донхолд бүдрэхгүй гэж би
Эр хүн чамаар хайрлуулах гэж би
Эмзэгхэн төрсийм эмэгтэй би
Аясын салхиар гэзгээ илбүүлэн
Амьсгалд чинь би хүслээрээ согтох гэсийм
Амьдарлын баланд бүхнийг умартан
Амраг чамайг хайрлах гэсийм

Нар жаргахад хамгаас дуртай

Завгүй өдөр өнгөрч нар уулын цаагуур алгуурхан шингэнэ. Тэнгэрийн хаяа улайран гал асах мэт дүрэлзхэд  бүхий л зүйлийг умартаад зүгээр л ширтэнэ………Зуны халуун өдрүүдыг  нар шингэн тэнгэрийн хаяа дүрэлзэн асахыг харах гэж л хүлээдэг мэт.  Уйтгартай гэхээсээ илүү энэ их завгүй өдөр юу хийснээ, маргааш дахиад юу хийж болохыг бодно. Яг л энэ нар шиг бидний амьдрал эхэлсэн цэгтээ эргээд л дуусах байх даа. Тэр үед өнгөрсөн цаг хугацаанд хэн байсан нь л хамгийн чухал. Ингэж бодох тусам түнэр харанхуй нөмөрхөөс өмнө ихийг илүү ихийг хийх урам зоригоор дүүрэн цэнэглэгдэнэ. Өдөр хоног бүрийг завгүй бас дахин завгүй өнгрөөхдөө юуны төлөө амьдарч буйгаа, энэ дэлхийд төрсөний гол зорилго нь юу болохыг, өнгөрсөн хугацаанд юуг хийж өнгөрүүлснээ болох хэдхэн минутын зав гаргах хамгийн сайхан мөч…. Жил бүрийн л зун эмээ өвөөгөө, дүүгээ хараад зуныг чимээгүйхэн, нартай хамтдаа өнгөрөөлөг байж. Гэвч энэ зун нар мандахыг ч жаргахыг ч алийг нь ч харж чадсангүй. Яагаад ч юм хотын их үймээн дунд наран юу ч хэлэгүйгээр чимээгүйхэн мандаж , чимээгүйхэн жаргаж хэнд ч мэдэгдэлгүй амьдардаг бололтой. Арга ч үгүй биз.. Нар жаргах юун ч сайхан байхав дээ. Амьд явах өдөр хоног бүр нэг өдөрөөр багсаж байхад. Гэхдээ л би нар жаргахыг харах хамгаас дуртай надад амьд гэлгийг минь мэдрүүлж урам зориг өгдөг болохоор