Thursday, August 2, 2012

Залуу дуралж ээ. Өмнө нь тэр хэзээ ч ингэж баярлаж, хөл нь газар хүрэхгүй хөөрч байсангүй. 
Өөдөөс нь харан мишээх тэр л бяцхан хонхойдог хацрыг, оч гэрэлтсэн хоёр нүдийг харах бүрт залууын сэтгэл үүл хөлөглөн хорвоогоос хөөрөөд солонго уургалан түүндээ бэлэглэж чадах мэт тийм үгээр илэрхийлэшгүй мэдрэмж төрдөг байдаа. 
Залуугын сэтгэлийг сэмхэн хулгайлж одсон бүсгүй бол бүжигчин. Тэр залуугын эмзэг бас дурласан зүрхэн дээр өөрийн хайрын түүхийг найруулан тэр л сэтгэлийг татсан туяхан хөлөөрөө бүжиглэж яваа. 
Шөнө зүүдэнд нь одод хөлөглөн ирчхээд үүр гэгээрхэд марал буга шиг цойлон одох бүсгүйн сайхан бүхэнд ухаан жолоогоо умартан дурласан залуу түүнд хэрхэн хайраа илчилж үлгэр домог шиг хайрын түүхийг өрнүүлэхээ даанч үл мэдэх ажээ. 

Түүний нүдэнд өртөхийг хүссэндээ өдөр бүр гэрийх нь гадуур эргэлдэж цонх руу нь ширтэн зогсох боллоо. Гэсэн ч нэг л бүтэлгүй. Ямар л сайндаа өөрийн бүтэлгүй зандаа уур нь хүрч өөрийгөө хүчтэй гэгч нь дэлсээд авмаар санагддаг боллоо.
Бүтэл муутай залуу минь өөрөө зурагчин л даа. Ямар л сайндаа камерын дуранд түүнийгээ биширч сууснаас очоод үнсэх зориг байх биш дээ.

Тэр л сартай намуухан бас сэтгэл өвтгөсөн үдэш залуугын хүслийг булаасан бүсгүй анхны бөгөөд сүүлийн удаа хамгийн том тайзан дээр бүжиглэж байсан юм.
Залуу бүсгүйг тайзан дээр нисэж буйг харах гэж хар хурдаараа л гишгэж явлаа. Урдах замаа ч үл анзааран давхисаар. ....
Аз болоход амжиж хүрч чадлаа. Жүжиг ч дууссан....
Бүсгүй балетийн шаахайгаа улаан өсгийтөөр солин, хунгийн өмсгөлөө газар шүргэх ганган даашинзаар сольж уул шиг эрийн салхи шиг хүлгэнд суун одсон юм. Сэтгэл байвч очоод хэлэх зориггүй, хүсэл байвч орилоод тэврэх зориггүй залуу гансарсаар л үлдсэн.
Гэвч залуухан бүсгүй тэр шөнөөс хойш дахин бүжиглэж чадаагүй юм. Ганган өнгө, гөл шиг эхэлсэн түүний хүсэл мөрөөдрийг аймшигт осол хулгайлан одож бүсгүй тайзан дээрээ дахин нисэх нь бүү хэл алтан дэлхийд хөлөө тавин гүйж ч чадахгүй болсон байлаа.
Тэр бүүдгэр шөнө бүсгүйн гагц хүсэл мөрөөдлийг аваад зогсохгүй түүнийг тойрон бүжих олон залуусын ч үнэн нүүрийг харуулжээ.

Зурагчин залуу бүсгүйг хайрласан хэвээр л байлаа. Түүний энэ хүнд цагт хэрхэн хамт байхаа мэддэггүй байсан ч үргэлж түүний дэргэд байж хорвоод түших тулгуур нь итгэл найдвар нь болохыг хүссэн.
Тэр үргэлж бүсгүйн гэрийн гадаа цэцгийн баглаа үлдээн, суудаг байсан сандал дээр нь урам оруулсан захиа үлдээдэг байлаа.
Ингэсээр тэдний харилцаа овоо нааштай болж нэг өдөр залуу зориг гарган түүнд бүх үнэнээ захидалд бичжээ.
Түүнийг анх хараад л хэрхэн дурласан, түүнд одоо хүртэл хэр их хайртайгаа, түүний нөмөр нөөлөг болохыг хүсэж буйгаа бүр юуг нь ч орхилгүй бичижээ.
Хайр ингэж эхэлсэн юм...
Зуны дулаахан үдэш голын усанд нар ямар дулаахан бас сэтгэл татам шингэдэг билээ. Тэдний дурлал тийм халуун, найргын хөг шиг үргэлжилсээр. Залуу бүсгүйн сайхан харц бүхнийг, инээмсэглэл бүхнийг зургын хальсанд буулган хорвоо түүнгүйгээр, утга яруу уянга бас түүнгүйгээр үл оршин байсан.
Гэвч бүсгүй эмчилгээнд яваад эргэж ирсэнгүй ээ. Залуу хичнээн удаан хүлээвч түүнээс нь сураг ажиг гарахгүй л байлаа.
Буурал түүх хуудсаа эргүүлсээр элсэн цаг мэт амьдрал урсан нэг л мэдэхнээ олон жилийг ардаа үдэж залуу ч сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болов. Гэвч залуу үнэхээр азгүй нэгэн ажээ. Шинэхэн гэр бүлд нь мөн л хайр энэрэл дутаж хүүгийнх нь эх зүрхний өвчнөөр хүндээр өвдсөн юм. Гэвч бурхан гэгч нь байдаг болохоор бүсгүйд доннор олдож аз жаргал ургах наран шиг гийж.
Тэр үед эмч залууд нэгэн захиа өгсөнд ингэж бичжээ.

" Сайн байна уу хайрт минь
Чи минь хэзээ нэгэн цагт энэ захиаг уншина гэдэгт итгэж байна. Чи минь намайгаа битгий үзэн ядаарай. Би үүрд алхаж чамтайгаа хорвоог туулж чадахгүйнээ. Гэсэн ч чамдаа дараа болж мөрөн дээр чинь ачаа үүрүүлэхийг хүсэхгүй байна.  Чамайгаа алсаас ч болов харж жаргалтай байгааг чинь харах надад хамгийн сайхан жаргал юм шүү. Миний сэтгэл зүрх үүрд чамтай хамт байна" гэжээ.

Энэ захиа бол залуугын эхнэрийн амийг аварсан тэр л ачит доннор бүсгүйн сүүлийн захиа байсан юм.

No comments:

Post a Comment