Нэг л мэдэхэд бүрэнхий хэдийнэ хаалга тогшиж ажил тарах болчихсон байх юм. Хорвоогын нэг өдөр хуудасаа эргүүлж маргааш гэгчийг дуудахад энэхэн завсар ховорхон олдох хэдхэн цаг. 6,7,8,9,10,11...
Энэ л хэдхэн цагт би өөртөө болон хайртай хүмүүстээ анхаарал тавьж, жинхэнэ утгаараа нийгэмд оршдог.
Тэгээд л өглөөний нар дахин ажил руу дуудна. Ингэж бодохоор л урсан өнгөрч буй хором бүрийг мөч бүрийг улам л хайрлаж түүнд би оршин амьдрахийг хүсдэг юм.
Би бусдын л адил ганц бие бүсгүй. Хаяахан бүтэлтэй, бүтэлгүй болзоонд явна. Найз нөхөдтэйгөө доргиж хэдэн шил пиво, винохон цааш нь харуулчихна. Гэсэн ч цаг хугацаа надад дэндүү багадаж байгааг өдөр болгон мэдэрдэг.
9 цагтай уралдаж ажлыхаа хаалгаар орж ирээд суудаг энэ л зөөлөн, дулаан, хэдийний танил сандалдаа би бүрэнхийтэй танилцаж энэ өрөөнд миний амьдрал үргэлжилдэг. Эртхэн гэрийн бараа харахаасаа харахгүй нь их. Оройхондоо 10 юмуу 11 цаг гээд гэрийн зүг алхана. Тэрхэн 30 минут дэндүү намуухан, яг л романтик кино шиг.
Ингээд бодохоор өөрийгөө шоолж инээмээр ч болох шиг. Дээд аньсага ядрасхийн доош бөхөлзөн амтат мөрөөдөл зүүдэн дунд намайг даллах хүртэл тэр 30 хан минутанд би ээжийгээ хайрладаг. Үнэндээ энэ бүсгүйг орхиод нэг л өдөр өдлөн ниснэ дээ гэж бодохоор улам бүр шигдээд наалдаад баймаар болж энгэрт нь эрхэлдэг.
Ийм л өдөр хоногууд намайг ээрэх болсоор хэдийнэ удаж ээ.
Аль хэдийнэ дурсамж болон сэтгэлийн архивт хадгалагдах ёстой тэр бүтэлгүй дурлалын түүх хаяахан ордог зөөлөн цастай үе үе сэдэрнэ. Бодоод л инээд хүрэхээс цаашгүй.
Тэрхэн үедээ тэгтэл хайрлаж хамтдаа хорвоогын бүхий л хар бараан, бүрэнхий бүрийг туулна хэмээн дэвэргэн мөрөөдөж байсан хүүхэд насны тэр дурлал одоо хаяахан гуниглахад сэтгэлд бодогдох дурсамж болсон байх юм.
Энэ л амьдарлын хором бүрт амьдарч түүгээрээ амьсгалаж үзэх юмсан. Тэр гэрэлтэй бяцхан зул юу вэ гэдгийг өөрөөсөө мөн өрөөлөөс хайсаар л байна.
No comments:
Post a Comment