Wednesday, November 7, 2012

Цастай хамт би мартсан



Өвлийн тэр зөөлхөн цастай өдрүүд
Өнөөх л дурсамжыг сэтгэлд хөглөхөд
Өөрөө ч үл мэдэн сэтгэл гэгэлзэх
Өөрийгөө би толинд харах дургүй ээ
Уйлаг гэж нулимас минь аягаа дүүрдэггүй
Учраг гэж хувь тавилан биднийг холбоогүй
Уярах гэж чиний сайханд ээнэгшин дасаагүй
Удах гэж бидний хайр мөнх байгаагүй
Ийм л богинохон хайр цастай хамт цонхыг минь тогшдог

Гудамжны гэрэлд цасан ширхэг хөөрөн бужигнахад
Гараа өргөн түүний гэрлийг хаан зогсдог
Гал шиг оргилсон бидний инээмсэглэл сэтгэлд цангинаж
Гэрэл шиг тодхон үгсийг сэтгэлд урладаг
Ганцхан чамтай учрах гэж хорвоод би ирээгүй болохоор
Гуниглах гэж сэтгэл минь гэрлийг хаагаагүй
Гарцаагүй бид жам жамаараа амьдрах болохоор
Гэгэлзэж би сэтгэлд чинь хорогдож үлдээгүй
Ийм л богинохон хайр гэрэлтэй гудамжинд сааралтан замхарсан

Төгсгөл нь үл харагдах харанхуй гудманд
Түүнтэй таарах гэж хүлээхээ хэдийнэ больсон
Тэнүүлч цасхан хацрыг минь зөөлөн илж
Тууль хөгжөөж гуниг даллахаа хэдийнэ больсон
Ийм л богинохон хайр сэтгэлийн минь мухарт
Ишлэл болон хадагдаж үлдсэн би нуучихсан

Тэр нэгэн хүнд



Өөрөөсөө хүртэл нуун үгүйсгэдэг
Өнчин тэр хайрандаа би хайртай
Өдөр өнжин хүлээдэг тэрхэн учрал минь
Өөр бүсгүйн ядам хуруунд уяатай

Өдрөөс өдөрт уусан шингэх харцанд минь
Өөр эрийн дүр багатах зайгүй давчуухан
Өрөөлд уяатай чиний тэр харцанд
Өнчин зүрх минь батгах төдийгүй дэндүү давчуу

Төгс төгөлдөрийг чамаас эрж бэдэрэхдээ
Төд удалгүй мартах гэж өөрийгөө зовоодог
Түүхийн хуудсанд дурсамж болон хадагдах
Түүний тэр инээмсэглэлийг арчих гэж би хичээдэг

Намайг л гэж эрхлүүлдэг дулаахан тэвэрт чинь
Насыг тань мартаж өөрийгөө хуурдаг
Нуугдаж хоцрох сэтгэлийн далд үгс бүхэндээ
Нууж би дүрийг чинь зөөлнөөр сийлдэг

Залуу насны минь омголон шуурган дунд
Завь нь болж сэлүүрдэн орж ирээд
Зүрхэн тушаа сэтгэлийн бяцхан зулыг
Бадрааж орхисон ахимаг залууд би татагддаг



Дүн өвлөөс би бороог хайхдаа
Өөрийн мэдэгүй гуниг далладаг
Дэндүү гунигтай бороон дуслуудад
Дассан мэт үгүйлэн санадаг

Жаргалтай зунаас би цасыг хайхдаа
Жавартай өвөлийн инээмсэглэл тодруулдаг
 Жихүүн хүйтэн өвлийн тэр цасанд
Жүнз мэт шунан дурладаг

Гэрэлтэй өдөр би сарыг үгүйлж
Гэрэвшиж хүүхэд мэт өмөлзөн санадаг
Бүүдгэр шөнийн эхэмсэг туяанд
Булиглан догдолж улам уусдаг

Одтой тэнгэрээс би нарыг эрэлхийлж
Огшиж түүндээ улам үгүйлдэг
Гэрэлт нарны оч мэт гялбааг
Гүес гүес үгүйлэн эрэлхийлэг 


Сар шиг омголон, Сар шиг уянгалаг залуу нас

 
 Омголон саран үдшийн тэнгэрт ганцхан гэдэгээ нотлох гэж

Онцгой тодоор гэрэлтэн байж оддыг бишрүүлэг
Оддыг тоссон нуурын урсгал чимээгүйхэн тэндээ
Ойсон дүрсэнд дурлан байж түүнийг хонуулдаг
Харанхуй шөнийг нэвт гэрэлтүүлсэн түүний тусгалд
Хайртай хосууд түүхийн хуудсанд дурсамжаа сийлдэг
Сар шиг омголон, Сар шиг уянгалаг залуу нас

Гэрэлт саран шөнийн тэнгэрт ганган харагдах гэж
Гучин янзаар дүрээ хувирган аяглан хөөрдөг
Гялалзан анивчих одод түүнд чимэг болж
Гялбаа юунд нь өнгө нэмэн нүд баясгадаг
Газар дэлхийг нэвт гэрэлтүүлэх түүний тусгалд
Гал халуун хайрын түүх хөврөн оддог
Сар шиг омголон, Сар шиг уянгалаг залуу нас
Уянгалаг саран үдшийн тэнгэрт хайрын аялгуу хөглөж
Уяран дуулах хөг эгшиг, гэрэл нэмдэгч
Урван өөрчлөгдөх түүний аяганд сэтгэл хорогдож
Удалгүй түүнд уусан шингэдэг дэндүү ялгуун
Үдшийн тэнгэрт аялгуу нэмэн дээш тэмүүлэхдээ
Үдлэх хунгийн хайрын түүхийн гэрч болох
Сар шиг омголог, Сар шиг уянгалаг залуу нас
Ивий дээ миний бяцхан охин яаж шуу хүний хань болдог юм болдоо.
Ижий минь ингэж хэлээд үнсдэгсэн. Яагаад ч юм энгэрт нь эрхэлж суухдаа улам илүү нялхарч инээмсэглээд таныхаа л хажууд өтөлж, энэ насыг үдмээр санагдаж улам илүү өмөлзөнө.
Үнэндээ би өөрөө ч мэдэлгүй одоог хүртэл өдөлж чадалгүй үүрэндээ хорогдсон шувуухай байж. Хэдийнэ том охин болж салхи сөрөн далавчаа дэлгэн холоос хол нисэх ёстой гэдэгээ мэдсээр байж улам илүү нялхаран үүрэндээ шигдсэн ангаахай байж.
Гудамж тэрлэн дэмийг хийн алхаж явахдаа өөртөө үл багтах том дуутай, пээдгэр алхаатай бяцхан гөлөгтэй таарч билээ. Өвөл гэгч юу байдгыг, өвдөлт гэж юу болохыг үл мэдэх тэрээр эхийхээ энгэрт хөрстийн тоосыг өөрөөс нь өөр хүн хөндөөгүй мэт алхах нь надтай төстэй ч юм шиг. Хараад бяцхан инээмсэглэл нүүрэнд минь тодорсон ч ивий дээ өвөл болохоор чи минв яана даа... Яг л үүн шиг амьдралын өвөл болохоос өмнө бэлтгэлээ базаах хэрэгтэй юм шигээ.

Monday, November 5, 2012

Нэг л мэдэхэд бүрэнхий хэдийнэ хаалга тогшиж ажил тарах болчихсон байх юм. Хорвоогын нэг өдөр хуудасаа эргүүлж маргааш гэгчийг дуудахад энэхэн завсар ховорхон олдох хэдхэн цаг. 6,7,8,9,10,11... 
Энэ л хэдхэн цагт би өөртөө болон хайртай хүмүүстээ анхаарал тавьж, жинхэнэ утгаараа нийгэмд оршдог. 
Тэгээд л өглөөний нар дахин ажил руу дуудна. Ингэж бодохоор л урсан өнгөрч буй хором бүрийг мөч бүрийг улам л хайрлаж түүнд би оршин амьдрахийг хүсдэг юм.
  Би бусдын л адил ганц бие бүсгүй.  Хаяахан бүтэлтэй, бүтэлгүй болзоонд явна. Найз нөхөдтэйгөө доргиж хэдэн шил пиво, винохон цааш нь харуулчихна. Гэсэн ч цаг хугацаа надад дэндүү багадаж байгааг өдөр болгон мэдэрдэг. 
9 цагтай уралдаж ажлыхаа хаалгаар орж ирээд суудаг энэ л зөөлөн, дулаан, хэдийний танил сандалдаа би бүрэнхийтэй танилцаж энэ өрөөнд миний амьдрал үргэлжилдэг. Эртхэн гэрийн бараа харахаасаа харахгүй нь их. Оройхондоо 10 юмуу 11 цаг гээд гэрийн зүг алхана. Тэрхэн 30 минут дэндүү намуухан, яг л романтик кино шиг.
Ингээд бодохоор өөрийгөө шоолж инээмээр ч болох шиг. Дээд аньсага ядрасхийн доош бөхөлзөн амтат мөрөөдөл зүүдэн дунд намайг даллах хүртэл тэр 30 хан минутанд би ээжийгээ хайрладаг. Үнэндээ энэ бүсгүйг орхиод нэг л өдөр өдлөн ниснэ дээ гэж бодохоор улам бүр шигдээд наалдаад баймаар болж энгэрт нь эрхэлдэг. 
Ийм л өдөр хоногууд намайг ээрэх болсоор хэдийнэ удаж ээ.
Аль хэдийнэ дурсамж болон сэтгэлийн архивт хадгалагдах ёстой тэр бүтэлгүй дурлалын түүх хаяахан ордог зөөлөн цастай үе үе сэдэрнэ. Бодоод л инээд хүрэхээс цаашгүй. 
Тэрхэн үедээ тэгтэл хайрлаж хамтдаа хорвоогын бүхий л хар бараан, бүрэнхий бүрийг туулна хэмээн дэвэргэн мөрөөдөж байсан хүүхэд насны тэр дурлал одоо хаяахан гуниглахад сэтгэлд бодогдох дурсамж болсон байх юм.
Энэ л амьдарлын хором бүрт амьдарч түүгээрээ амьсгалаж  үзэх юмсан. Тэр гэрэлтэй бяцхан зул юу вэ гэдгийг өөрөөсөө мөн өрөөлөөс хайсаар л байна.
Үдийн наран хаяалахдаа тусах тэр аз жаргалтай гялбаанд
Үлэмж тансаг цасан ширхэг будрах тэр хоромд би дуртай
Үгүйлэн сангалзах дурсамж бүрийг хөглөх
Өнгөлөг бяцхан цасан гялбаанд би дуртай
Аз жаргалтай бүсгүйн хацар дээр туссан гэрэлт од
Амьдрал хүсэл хаялан буур бяцхан оч
Хайр бэлэглэн хүсэл хөглөсөн цасхан ширхэг
Хамгийн сайхан дурсамж бэлгэлэх цасан ширхэг
Миний мэдэх хамгийн яруу найргийн хөг