Wednesday, March 6, 2013

Хэмжүүр



Та юу хайгаа вэ?
Төсөөлөл дундаасаа жаргалыг эрж
Түүнийгээ бэдэрч өөрийгөө зовооно уу
Тэгвэл таны жаргалыг юугаар хэмжихсэн билээ
Түрийвчний зузаан, унааны сайхнаар
Тэвэрч хэвтсэн бүсгүйн тоогоор
Таашаж амталсан шөнийн  уртаар...

Өөрийн биеийг чагнаж, үнэлээгүй атлаа  
Өрөөлийн үзэмжээр хэмжээс хийн итгэж
Өнгө тансаг эдээр чимэглэж гоёод
Үнэрхэж түүндээ бардамнаж суух жаргалын хэмжээс үү

Өмссөн гутал тань үнэтэй байлаа гээд
Өлмий, өсгий газар түшиж алхадгаараа л алхана
Зүүгсэл сондор тань чамин байлаа гээд
Зүс царай тань өтөлдгөөрөө л өтөлнө

Өөрийгөө бус өмсгөл, зүүсгэлээ үнэлчихээд
Өрөөл бусдаас ялгарлаа хэмээн андуурна
Үүнийгээ зөвхөн жаргал хэмээн бэдэрчихээд
Үхэн хатан тэмцэн араас нь хөөцөлдөнө

Өөрийн сэтгэлийг үл чагнах атлаа
Өрөөлд номлож хичээл заана

Нүцгэн төрөөд нүцгэн буцдаг хорвоод
Нүгэлгүй болох гэж шашинд дэндүү автана

Шударга ёс, үнэн түүхийг эрэх атлаа
Шуналд автаж өрөөлийг бус өөрийгөө хуурна

Шүүмж хэлж, бусдыг өөлөх мөртөө
Сөрж тэмцэхээс айн булан бараадан нуугдана

Хийцгүйг нь гайхаж улс төр ярих атлаа
Хийсэн үйлдэл, өнгөрсөн бүхэндээ дүгнэлт үл өгнө

Эмийг муулж, эрийг дээдлэх атлаа
Эмсийн хүрээлэн хэсэж бүсгүй хүнийг үнэлэнэ

Эцгийн гэрээс өндийж өдлөөгүй өөдгүй атлаа
Эрдэнээр биеэ чимж, өнгөөр өөрийгөө худалдана

Тэгтлээ бэдэрсэн жаргал гэгчээ үл мэдэх ч
Туулж барамгүй шуналдаа үргэлж живнэ

Ингээд санахнээ амьдрах утга учир нь юу билээ

Алтан нарын өглөөний тусгал, бүлээн элчийг
Алгандаа бус сэтгэлдээ харамгүй тээгээд
Амьдах мөч бүртээ талархаж нэг баясах

Аадар борооны дараах чийглэг үнэрийг
Амьсгалж ханатлаа үнэрлэх

Амьдралын хэцүү бүрт хамт байдаг гэр бүл
Аз жаргалтай дурсамж бүрээ мэдрэх

Ая зөөлөн ээжийхээ дэргэд
Адгуу цаг хугацааг уяраан зогсоож
Аягахан цай, халуун хоолыг нь амсах

Алаг хорвоод хаврыг урин авчрахаар тэмүүлэх
Алгуурхан цухуйж моддоос ургах бяцхан дэлбээг ширтэх

Шувуудын чимээ, навчсын анирыг чих тавин чагнах
Шулганах үсрийхээ тоглож наадхыг ажиглах
Тоолж томошгүй олон жаргал биднийг хүрээлж
Тоочиж барамгүй утга учир бидэнтэй хамт байдаг

Туулж л элээх энэ хором бүрийг өнгрөөхдөө
Тэмцэж биш мэдэрч амьдрах
Тэмүүлж бас хайрлаж амьдрах
Таашааж мөнхүү талархаж амьдрах
Төсөөлж чадамгүй аз жаргалын хэмжүүр юм даа









No comments:

Post a Comment