Tuesday, January 29, 2013

Мэрж идэх цөөхөн хоолтой Монголчууд




Уул уурхай, тээвэр жуулчлал, харилцаа холбоо гэсэн хэдхэн салбар олны анхаарлын төвд байж тэдний хийсэн бүтээсэн, хийдсэн залилсан талаар ам булаалдан цөөхөн хэдхэн Монголчууд бие биенээ мэрэх нь хэн нэгний ажил болж нөгөө нэгний зугаа болж байгаа нь хэвийн үзэгдэл болжээ.
Хүн гэдэг бүлэг амьтад оюун ухааантайгаар, нийгэмшиж чадснаараа адгуусан амьтнаас ялгарч бидний нэрлэн бахархаад буйгаар дээд төрлийг олсон.
Гэвч нийгэм гэдэг нэг нэгнийхээ дутууг нөхөж, дэмжин тэтгэж, оновчтой сайхан шүүмжлэл өгч сайжруулан залруулж байж оршин тогтнодог жамтай.
Монголчууд бидний өөрсөддөө зориулан бүтээсэн тамын тогооны үлгэр гэгчийг мэдэхгүй хүн үгүйээ. Сайн үйлс хийсэн нэгнийгээ магтан сайшаадаггүй атлаа алдаа гаргасан нэгнээ цэцэрхэн шүүмжилж, хошууран муулдаг нь хэзээнээсээ гэм биш зан болсон гэлтэй.
Өөдтэй яваа нэгнээ илүүд үзэх атлаа өрөвдүүлж яваа нэгэнтэйгээ басамжлан харьцахдаа үүнийгээ үгээ хэлэх ЭРХ ЧӨЛӨӨ хэмээх нэрний ард нуугдсан нь хэтэрхий өрөвдөлтэй.
Сүүлийн жилүүдэд газар авч буй хэвлэн нийтлэх эрх чөлөө гэгчийг би нэг л ойлгож өгөхгүй байгаа юм. Нийгмийн үг хэл болсон сэтгүүлч хүний хурц үзэг бизнесийн зэвсэг болон халтар цаасаар үнлэгдэж хувийн сэтгэл хөдлөлөө ард түмний төлөөлөл хэмээн нэрийдсэн нь  дэндүү өр өвтгөмөөр.
Алдаа гаргахыг отон хүлээдэг тэдэнд амттай нийтлэлээр солих гэмгүй нэгэн ажилтан хамаагүй байдаг гэлтэй.  Уншиж байгаа хүний тоо, тэдний сэтгэгдэлд анхаархаас илүүтэйгээр зөв уур амьсгал бүрдүүлэн нийгмийг бүлээцүүлэх, үнэн мөн чанарыг олох талаас анхаарлаа хандуулвал тэр хүний энэ мэргэжлээс авч буй сэтгэл ханамж нь гэж болох юм.
Тэгээд л өнөөх буудаж сурсан хэдхэн бай руугаа сурмаг гэгч нь онилж тамын тогооны үлгэртээ живсэн нийгэм түүнийг шунан унших нь хамгийн амттай бие биедээ ашигтай холбоо.
Гэтэл эргээд Монголыг чирж ядан байх нь өнөөх л хэдэн бай нь гэдгийг мартчих нь тоогүй.

Monday, January 7, 2013

Хамгийн зөөлөн тэвэрт цэцэг шиг нэг эрхлэхсэн
Хамгийн сайхан үгсийг булаг шиг нэг залгилахсан
Харц булаах төрхийг ханахаа мэдэхгүй ширтэхсэн
Хайр гэгч урсгалд харихаа мэдэхгүй хөвөхсөн
Чиний л тэврээс өдөлсөн хараацай байхсан
Чиний л дэргэдээс бударсан цасхан байхсан

Зөвхөн надад хөглөгдсөн тэр хайрын аязанд
Зөрүүдэлж нэг уяран догдлохсон
Зөн билэг аз жаргалын хөх мананд
Зөрж биш учирч хэсэг зогсохсон