Wednesday, February 25, 2015

Сэмэрхий юм дөө чааваас

Саарал өдрүүдийн жихүүн салхинд
Савалж хийсэхгүй гэсэндээ тогтож ядсан
Саваагүй нэгний гарын аясанд
Савагдаж унахвий гэсэндээ тэмцэж ядарсан
Сэтгэлээ зүүж, зүтгэлээрээ хайрласан юм
Сэмэрхий юм дөө чааваас

Үзүүр нь хийсэж үжирч урагдсан ч
Үнэнч хонгор хэвээрээ байсаар
Үдлэн одох хоногын аясанд
Үлээгдэж хоцрох байжээ хөөрхий
Сэтгэлээ зүүж, зүтгэлээрээ уучилсан юмсан
Сэмэрхий юм дөө чааваас

Алга тосон тэвэрч дулаацуулж байсан ч биш дээ
Ааш нь олдохгүй хүний хүүд дэмий дасчээ
Холдсон нэгнээ хоосон санаж бэтгэрдэг
Хорвоогын жам нь өөрөө гашуун болохоор
Хээтэй торго шиг жавхаатай явсан жолоо хонгор
Хэрэггүйн засварт хэрээтэй үдээс шиг хадагдах вий дээ
Сэмэрхий юм дөө чааваас
Сэтгэл минь өөрөө бүлээн цустай бүтэн чанартай байсан юмсан
Сэмэрхий юмдөө чааваас