Tuesday, October 20, 2015

Хөлд минь хөглөрөх улаан, шар олон өнгийн навчис
Хөшүүн бодлоос түр ч болов алсруулхад
Хөгшин хот хуучнаа дурсан дүнсийн бүүдийгээд
Хүйтэн бороогоор сэтгэл гуниглуулан зөөлнөөр илбэнэ

Хоосон сэтгэл шиг жихүүн салхи хацар дааруулхад
Хөндий цээжинд гандуу бодол үүд мухарлаж
Холоос хайсан жаргал дэргэд байсныг ухааран

Холбоо сэтгэлээс уяатай хайртай хүмүүсээ санана

Wednesday, February 25, 2015

Сэмэрхий юм дөө чааваас

Саарал өдрүүдийн жихүүн салхинд
Савалж хийсэхгүй гэсэндээ тогтож ядсан
Саваагүй нэгний гарын аясанд
Савагдаж унахвий гэсэндээ тэмцэж ядарсан
Сэтгэлээ зүүж, зүтгэлээрээ хайрласан юм
Сэмэрхий юм дөө чааваас

Үзүүр нь хийсэж үжирч урагдсан ч
Үнэнч хонгор хэвээрээ байсаар
Үдлэн одох хоногын аясанд
Үлээгдэж хоцрох байжээ хөөрхий
Сэтгэлээ зүүж, зүтгэлээрээ уучилсан юмсан
Сэмэрхий юм дөө чааваас

Алга тосон тэвэрч дулаацуулж байсан ч биш дээ
Ааш нь олдохгүй хүний хүүд дэмий дасчээ
Холдсон нэгнээ хоосон санаж бэтгэрдэг
Хорвоогын жам нь өөрөө гашуун болохоор
Хээтэй торго шиг жавхаатай явсан жолоо хонгор
Хэрэггүйн засварт хэрээтэй үдээс шиг хадагдах вий дээ
Сэмэрхий юм дөө чааваас
Сэтгэл минь өөрөө бүлээн цустай бүтэн чанартай байсан юмсан
Сэмэрхий юмдөө чааваас










Sunday, June 1, 2014

Сар байхгүй бол  түмэн од байлаа ч шөнийн тэнгэр нэг л бүүдгэр харанхуй болж түүний гайхалтай гялбаа харагдахгүй байсан байхдаа, Яг л үүн шиг сэтгэл нэг л хоосон байгаа болохоор миний амьдралын түмэн од гялбахгүй байгаа ч юм билүү. 

Хэн нэгэн намайг орхиод явахвий гэж айлгүй, энэ ажил надад тохирох уу гэж шаналалгүй, энэ шашин үнэн үү гэж бодолгүй зүгээр л итгэж, зүгээр л зүтгэж, зүгээр л хайрлаж, зүгээр л уйлж зүгээр л мэдэрч....

Ингэж амьдарвал илүү аз жаргалтай байж чадах болов уу. Эсвэл зүгээр л бүгд хэвэндээ байх болов уу. 

Нэг л өглөө энэ хорвоод оргүй хоосон ирсэн шигээ оргүй хоосон буцах болохоор мэдэрч болох хамгийн тансаг сайхан зүйлсийг тултал нь амсаж, мэдэрч, харж, үзэж байгаад явах юмсан. 
Ийм л зүйл болвол өнгөрсөн, одоо, тэр бүү хэл ирээдүйн төлөө ч харамсахгүй. 

Ийм л болохоор хэн нэгнийг үнэн зүрхнээсээ хайрлаж, хэн нэгнээр хайрлуулж, аялаж, хичээж  амьдарч байгаад жинхэнэ өөрийгөө олж, өдөр бүр хичээн зүтгэдэг зүйлтэй болмоор байна. 

Хол аялахынтулд надад чи хэрэгтэй... Хаана байгааг чинь мэдэхгүй байгаа ч надад чи хэрэгтэй байна. Миний дэргэд бай...


Monday, August 12, 2013

Чагнах чимээ нойрсож байна

Чагнах чимээ нойрсож байна

Цусанд улангассан чонон сар мэт
Чамд тэмүүлж байна гэгээ анирдхад
Тусгал тосох нуурын хөвөө мэт
Тамир аядаж байна чиний дэргэд

Чимээгүй хайрт минь амьсгаа аядан тайван
Чагнах чимээ нойрсож байна нам гүн
Аниргүй дунд тэмүүлэх гэрэл мэт
Аядуу хайрт минь аядуу

Биднийг хараад түр аядах хөг эгшиг
Уулсын хаяа
Үүлсийн бараа
Одод тэнгэртээ

Чимээгүй хайрт минь чимээгүй
Чагнах чимээ нойрсож байна




Азна

Мөрийг чинь налаад чимээгүй сууя

Битгий хөдлө, наанаа л байж бай
Бодол сэтгэлээ таягдан хаяаад би
Бүтэхгүй гэж хэлэхээс чинь өмнө
Бүхий л сэтгэлээ тайвшруулах гэсийм

Гарыг минь атгаад чимээгүй инээмсэглэ

Энэ мөч зураг шиг, хөрөг шиг
Эндээ холдолгүй хадагдаж үлдээсэй
Элээх л гэж хорвоог хөглөж байгаагаас
Инээмсэглэлийг чинь түр ч болов ажаад л суух гэсийм

Надад хайргүй байх чинь надад хамаагүй ээ
Насаараа чи бид хоёр хамт байх хүмүүс биш
Нүүгээд л өнгөрөх хором хугацаанд
Нүцгэн хүлээлгээд яах юм бэ сэтгэлийг

Хамтдаа л онгоц ширтэж далайг тольдий
Хамтдаа л онгод хөглөж шүлэг тэрлий
Хариу нэхээгүй дурлал чинь миний л дэргэд
Хайр хүлээлгүй хэсэгхэн азна

Чиний л дэргэд

Дэнгийн гэрэлд тэмүүлэх эрвээхэй мэт
Дэндүү ихээр чам руу би хөвөхдөө
Дэргэд минь байгаасай гэсэндээ сэтгэл минь
Дэнсэлж бас хургаж хорогдоод байх юм

Бодол үерлэн сэтгэлээс хур мэт асгарах
Бороотой өдрүүдэд чамайг л бодон алхахдаа
Болохгүй бүхэнд тэмүүлэх сэтгэл минь
Болзоо хүлээж үүд мухардан хүлээнэ

Сэтгэлд ассан зулын гэрэл мэт өдрүүд
Сэрүүхэн зүүдэнд оч мэт гэрэлтэж
Сэрэмгүй өдрүүд үүлс хөлөглөн хөвөрч
Саламгүй хормууд бодол үерлүүлэн тэмүүлнэ

Чамаас л дусласан бороо байх гэж би нүүсэн үүл
Чам дээр л татах солонго байх гэж хүлээсэн туяа
Чиний зүрхнээс гуниг болон тагтаа мэт хөвөрч
Чиний сэтгэлд инээд болон шувуу мэт жиргэнэ

Чамд хэлээгүй зүүд бүхэндээ би хөглөгдөн эгшиг түрж
Чамаас хүлээсэн үг бүхэндээ аялагдан дуу болдог
Чиний л дэргэдээс өдлөсөн шувуу байхсан
Чиний л зүүднээс ниссэн мөрөөдөл байхсан



Tuesday, June 18, 2013

Ганцаардаж байна
Галзуурах дөхсөн сэтгэлд минь хоосон гэдгээс өөр хамар сэргээх шинэ үнэр алга
Гал шиг асах сэтгэл минь өдөр өдрөөс унтарч сүүмийх дөл дулаацуулахгүй байна
Гэзэг дарж хэндээ зориулж гоёх юм утга үгүй санагдана
Гэгэлзэн гэгэлзэн хэнийг тэгтэл хүлээх юм
Оргүй хоосонд орилсон ч үл дуулах чимээ л энд байна
Орхиод одсон хоосон дурсамж үүрлэж байна зүрхэнд минь